S1. Танилцуулга

СУДОКУ үүсэж дэлгэрсэн түүх

Судоку тоглоомын эхний хувилбар нь 1892 оноос францын “Le SUICLE” ба “La FRANCE” сонинуудад гарч байгаад мартагджээ. Эл тааварт тоглоомыг америкийн Индиана мужийн 74 настай архитектор Ховард Гарнз тэтгэвэрт сууж байхдаа дахин шинээр сэргээж (эсвэл өөрөө зохиосон ч байж болох) “DELL MAGAZINE” сэтгүүлд “Number Place” (“Тоог Байршуулъя”) нэртэйгээр 1979 онд хэвлүүлсэн бөгөөд тэр нь хожим оюун ухаан хөгжүүлэх тоглоом наадмын цомог жагсаалтад багтсан байна.

Энэхүү ээдрээт эвлүүлгийг дээрхи жагсаалтаас олж аваад японы “NICOLI” сэтгүүл 1984 онд “Suji wa dokushin ni kagiru” буюу “тоонууд ганц ганцаар байх ёстой” хэмээх тайлбартайгаар хэвлэжээ.

Сүүлд “NICOLI” сэтгүүлийн эрхлэгч Маки Кажи нь уул урт тайлбарыг товчилсоноор тоглоомын одоогийн нэр зохиогдсон болой.

Судоку нь 2004 онд “TIME” сэтгүүлд нийтлэгдсэнээр дэлхий дахинд мэдэгдэж улмаар шуурга мэт түргэн хурдацтай тархан дэлгэрч нэг мэдэхнээ шатар, даам маягийн хэн бүхний мэдэх түгээмэл тоглоом болж хувирсан байна.